• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг

Монгол улсад эрчим хүч, уул уурхай, барилга, зам гүүр, хүнс, хөдөө аж ахуй, нийтийн аж ахуй зэрэг үйлдвэрлэл, аж ахуйн олон салбар түргэн хурдацтай хөгжин тэдгээрт хэрэглэгдэх металл ба металл бус материалын хэмжээ өдрөөс өдөрт өсч, улмаар металл материалыг холбох, тайрах гагнуурын ажил үйлчилгээний цар хүрээ өргөжиж байна.

Гагнуурын ажил үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа технологи, тоног төхөөрөмж шинэчлэгдэн сайжирч, гагнаасан холболтын чанарыг шалгах арга технологи боловсронгуй болсоор байгаа бөгөөд гагнуурын ажил үйлчилгээ явуулдаг гагнуурчин, гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын тоо хэмжээ нэмэгдэж, тэдний мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Метал ба метал бус материалд тавигдах чанарын шаардлага ч өсч байна.

Энэ бүх ажил үйлчилгээг улсын хэмжээнд төрийн бус байгууллагын хүрээнд зохицуулж ажиллах зорилготой Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг /ММСГН/ 2007 оны сүүлээр байгуулагдан ажиллаж байна. Тус нийгэмлэг нь материалын судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чанарыг сайжруулж төгөлдөржүүлэх, гагнуурын ажлын чанарыг дээшлүүлэх үндсэн зорилготой ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус нийгэмлэг нь манай улсын 30 гаруй томоохон үйлдвэрлэлийн салбар, аж ахуйн нэгж, компани, шинжилгээ судалгааны байгууллага болон тэдгээрт ажиллаж байгаа 70 гаруй гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтан, өндөр мэргэшлийн гагнуурчид эгнээндээ нэгтгэн ажиллаж байна.

Манай нийгэмлэгээс хийсэн судалгаагаар улсын хэмжээнд металлыг гагнах, металлын гагнаасыг шалгах арга техник болон гагнуурчид, үл эвдэх сорилтын ажилтнуудыг мэргэшүүлж эрх олгохтой холбогдсон олон улсын жишигт нийцсэн 60 гаруй стандарт мөрдөгдөж байна.

2010 оны байдлаар сургалт явуулдаг техникийн коллеж, үйлдвэрлэл сургалтын төв, аж ахуйн нэгж, компаний дамжаа 25 байгаа бөгөөд тэдгээрт жилд дундчаар 380 гаруй гагнуурчинг шинээр бэлтгэх, 90 орчим гагнуурчны мэргэшлийг дээшлүүлэх сургалт явагдаж байна.

Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, компани, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад металл судлал, гагнуурын болон үл эвдэх оношлогооны 20 орчим том жижиг лаборатори ажиллаж, орчин үеийн багаж төхөөрөмж ашиглан гагнасан бүтээгдхүүний чанарыг шалгаж батлагаажуулах ажлыг гүйцэтгэж байна.

Вэбсайт : www.mmsws.mn