• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Чөлөөт бөхийн бэлтгэлийн төвийн нээлт боллоо

2015-12-23 Уншсан тоо: 283


МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюушийн “Хасу-Мегаватт” компаниас Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр, иргэдийн хэлж заншсанаар “Доод нисэх”-т “Эко спорт цогцолбор”-ын бүрэлдэхүүнд босгосон Чөлөөт бөхийн бэлтгэлийн төвийн нээлт боллоо.

Нээлтийн ёслолын эхэнд тус компанийн захирлын тушаалыг дуудан сонсгож эл бөхийн ордонг “Чөлөөт бөхийн бэлтгэлийн төв” гэж нэрийдэж тус компанийн дэргэдэх “Хасу-Мегастарс” клубын унаган бөх, ДАШТ-ний мөнгөн медальт П.Өнөрбатын нэрэмжит болгож байгааг зарлаж тус төвийн Билэгдлийн түлхүүрийг ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш “Эко спорт цогцолбор”-ын захирал Ц.Баярсайханд гардуулан өгч тус клубын өсвөрийн бөхчүүд үзүүлэлт тоглолт хийсэн.

Нээлтийн ёслолыг Хөгжим, бүжгийн коллежийн захирал, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хөтөлж Улсын начин Д.Сүхбат уртын дуугаар шинэ төвийн жаврыг үргээлээ. МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх баяр хүргэж үг хэлэхдээ “Чөлөөт бөхийн бэлтгэлийн иж бүрэн төвийг сүндэрлүүлэн босгосон “Хасу-Мегаватт” компанийн хамт олонд холбооны удирдлага, нийт бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчдийн өмнөөс чин сэтгэлийн талархал хүргэж байна. Энэ төвийн дэвжээнээс олимп, дэлхийн олон аварга төрх болтугай” гэж ерөөлөө.

40 м урт, 16 м өргөн, 5.4 м өндөртэй “Д.Өнөрбатын нэрэмжит Чөлөөт бөхийн бэлтгэлийн төв”-д 3 дэвжээ, хүчний, тэнцвэржүүлэлтийн, бялдаржуулалтын тренажёрууд, якутын үндэсний “хапсагай” бөхийн тамирчдын гарын булчинг чангаруулдаг унжмал дамнуурга, дасгалжуулагч нарын өрөө байна.